Санхүүгийн боловсрол

Зээл: Бусдаас тодорхой хэмжээний хүү, хугацаа, эргэн төлөх нөхцөлтэйгээр авч ашиглаж буй мөнгө.

Зээл бол мөнгө зээлдүүлэх, зээлдэхтэй холбоотой зээлдүүлэгч, зээлдэгчийн хооронд үүсч байгаа мөнгөн харилцаа юм. Ямар нэг зүйл худалдан авах, бизнес эрхлэх, түүнийгээ өргөжүүлэхэд өөрийн мөнгө, хөрөнгө хүрэлцэхгүй үед бусдаас эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр авч ашиглаж буй мөнгийг зээл гэж ойлгоно. Зээлийн үйл ажиллагаа нь зээлдэгч, зээлдүүлэгч хоёр талын хоорондын харилцааны явцад хэрэгждэг. Зээлийг зээлдэгчийн талаас, зээлдүүлэгчийн талаас тодорхойлж болно. Зээлдэгчийн талаас авч үзвэл зээл нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх зориулалтаар авч байгаа санхүүжилтийн хэлбэр юм. Харин зээлдүүлэгчийн талаас авч үзвэл бараа, үйлчилгээнийх нь нэг төрөл болдог. Санхүүгийн байгууллагын зээлийн үйлчилгээ буюу бүтээгдэхүүн нь өөрийн онцлогтой. Санхүүгийн байгууллагууд (банк) бусдын мөнгийг өөрийн нэрийн өмнөөс эргэлтэд оруулж орлого, ашиг олж, санхүүжилт хийж байгаа үйлчилгээний нэг хэлбэр. Зээлийн харилцааны дүнд банк болон санхүүгийн байгууллагууд орлого олдог бол аж ахуйн нэгж болон зээлдэгчид нь орлого, ашиг авчрах бараа, үйлчилгээ үйлдвэрлэх санхүүгийн эх үүсвэртэй болдог.

1.Нийгмийн хөгжлийг дагаад нийгмийн шинэ шинэ хэрэгцээ бий болж байдаг. Эдгээр хэрэгцээг хангахын тулд бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх шаардлага зүй ёсоор урган гардаг. Үүнд санхүүжилт хэрэгтэй. Энэхүү санхүүжилтын түгээмэл нэг хэлбэр нь зээл болдог.

2.Аж ахуйн нэгжүүд орлого, ашгаа нэмэгдүүлж, зах зээлд эзлэх байр сууриа өргөтгөхийн тулд үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байдаг. Үүнд нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардагдах бөгөөд үүнийг хангах эх үүсвэр нь зээл болдог. Нийгмийн хөгжлийн түүхээс харахад бидний мэдэх том том компаниуд зээл авч, түүнийг үр ашигтай ашиглан, орлого бүтээж, ашиг хүртэж өдий зэрэгт хүрсэн гэдгийг дурдах ёстой.

3.Иргэд өөрийн хэрэгцээт зүйлийг худалдан авах, ахуй амьдралын нөхцөлөө сайжруулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй тохиолдолд зээл авдаг. Бизнес эрхэлдэг иргэдийн хувьд аж ахуйн нэгжийн хөгжлийн зүй тогтолтой адил зээл авах зайлшгүй хэрэгцээ үүсдэг. Үүнээс үзэхэд, зээл бол үйл ажиллагааг өргөжүүлэхэд зориулагддаг хамгийн хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэр төдийгүй банкны хувьд орлого олох гол арга хэрэгсэл болдог. Энэ бүхэн нь зээлийн зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж байгаа юм.

 

Та хэрэв зээл авсан, зээл авахаар төлөвлөж байгаа бол зээлийн сайн түүх бүрдүүлэхийн ач холбогдлыг мэддэг байх хэрэгтэй. Зээлдүүлэгч байгууллагууд зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд илгээдэг. Тус зээлийн мэдээлэл дээр тулгуурлан цаашид танд эргэн зээл олгох эсэхийг шийдэхээс гадна сайн зээлдэгч болсон тохиолдолд хүү багатай урт хугацааны зээл авах боломжийг олгодог байна.

Тэгвэл зээлийн сайн түүх, муу түүх гэж яг юуг хэлдэг вэ? Мэдээж та хугацаандаа зээлээ төлдөг бол таны зээлийн түүх сайн байх ба хугацаа хэтрүүлсэн эсвэл огт зээлээ төлөхгүй хаях тохилдолд муу зээлийн түүхтэй байх болно.

Зээлийн мэдээллийг нийт 5 төрлөөр ангилдаг ба үүнд: 

1.Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног – Хэвийн

  1. 90 хүртэл хоног – Анхаарал хандуулах
  2. 91-180 хоног – Хэвийн бус
  3. 181-360 хоног – Эргэлзээтэй
  4. 361-с дээш хоног – Муу гэж ангилна.

Зээлээ цаг хугацаандаа төлөхгүй явсан тохиолдолд таны авсан зээлийн хүү хуримтлагдаж нэг дор төлөхөд хүндрэлтэй болохоос гадна нэмэлт хүү тооцогдож анх төлөх ёстой байсан хэмжээнээс илүү зээл төлөх шаардлагатай болно.

Мөн сөрөг зээлийн түүхтэй болвол таны зээлийн мэдээллэл мэдээллийн санд 6 жилийн турш хадгалагдах буюу 6 жилийн турш дахин зээл авахад хүндрэлтэй болох ба зээлийн шалгуур илүү хатуу болно гэдгийг санаарай.

Тэгвэл зээлийн мэдээллийн санд байгаа сөрөг мэдээллийг өөрчилж болох уу? 

Мэдээж болно. Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. Үүний дараагаар Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан судлаж үзэн, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулдаг. Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулна.

Иймд та зээлийн сайн түүхтэй болохын тулд сар бүрийн төлөлтийн өдрийг хүлээх шаардлагагүйгээр 1 хоног ч байсан хамаагүй урьдчилж төлж дуусгах нь чухал гэдгийг санах хэрэгтэй.

Зээлийн хүү нь тогтмол болон хувьсах хэлбэртэй байж болно. Тогтмол хүү нь зээлийн хугацааны турш өөрчлөгддөггүй бол хувьсах хүү нь гэрээгээр тохирсон аргачлалын дагуу тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХЭН ТОГТООДОГ ВЭ?

Онолын дагуу мөнгөний бодлогын хүү нь банкны хадгаламж болон зээлийн хүүд нөлөөлдөг. Бодлогын хүү нь Төв банкнаас банкуудад санал болгож буй эрсдэлгүй санхүүжилтийн хэрэгслийн хүү учир банкууд мөнгөө төв банканд хадгалуулах эсвэл бусдад зээлдүүлэх шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.

Зээлийн хүүнд нөлөөлдөг зарим хүчин зүйлс:

  • Инфляц
  • Ажилгүйдэл
  • Засгийн газрын зээл
  • Мөнгөний эрэлт, нийлүүлэлт

Улмаар зээл олгогч зээлийн хүүгээ дараах байдлаар тооцдог.

Зээлийн хүү = Хадгаламжийн хүү /Эх үүсвэрийн зардал/ + Үйл ажиллагааны зардал + Эрсдэлийн урамшуулал

Хэрхэн бага хүүтэй зээл авах вэ?

Таны анх авсан зээлийн дүнг үндсэн зээл гэж нэрлэдэг. Харин та зээлээ буцаан төлөхдөө үндсэн зээл, хүүний хамтаар төлдөг. Зээлийн хүүгийн дүн нь зээлийн хүүгээр тодорхойлдог бөгөөд зээлийн хүүний түвшин бага байх нь зээлдэгчид илүү хонжоотой байдаг тул аль болох бага хүүтэй зээлийн нөхцөлийг судлах хэрэгтэй.

Бага хүүтэй зээлийг сайн зээлийн түүхтэй эрсдэл багатай, найдвартай зээлдэгч нарт олгодог. Та ч бас бага хүүтэй зээл авах боломжтой. Үүний тулд:

  • Зээлийн үлдэгдэл багатай
  • Зээлийн эргэн төлөлтөө цаг тухай бүрт нь төлдөг байх шаардлагатай.

Зээлийн хүүний хэмжээ их, бага хүүтэй байхын ач холбогдол

Төв банкны бодлогын хүүний өсөлт мөнгөний хатуу бодлогыг илэрхийлэх бөгөөд инфляцийг бууруулах зохистой төвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чиглэгддэг. Харин эдийн засгийн өсөлт саарах төлөв ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг байна.

© 2025 он. Морьтон Гранд ББСБ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.